Зуны эхэн
сар гарсан ч гадаа хүйтэн салхи үлээгээд цаанаа л нэг жихүүн. Зун болох
шинжгүй. Сэтгэл нь тавгүйтсэн, урам нь хугарсан охиныг улам зовоох гэсэн юм шиг
жихүүн салхи салхилан гар хуруу, хацрыг нь дааруулна. Уйлмаар байсан ч нулимсаа
залгиад, гүйх шахам хурдан алхална. Цүнхэнд нь утас нь хангинана. Хэн залгаж
байгааг мэдэхгүй ч авахаас зүрхшээнэ. Өглөөний утасны дуудлагаас хойш л бүх зүйл бүтэлгүйтсэн
учраас тэр. Тэглээ ч гомдсон тэр сэтгэлд хэнтэй ярих
хүсэл байсангүй. Зөвхөн хичээлээ хийж бүхнийг мартах л чухал санагдаж байв. Эргэн
тойронд инээсэн, утсаар ярьсан цаана л нэг жаргалтай хүмүүс зөрж өнгөрч байгаа
мэт санагдлаа. Дотроо дургүйлхэнэ. Хорвоо дээр ганцаараа зовж байна гэдэг
шударга бус гэж бодогдоно. Өчигдөр бороо орсон болохоор их хотын гудамжнаа энд
тэндгүй шалбааг,
тогтоол ус. Цаг агаар сайхан байвал сэтгэл ч дагаад сайхан болчихдог. Гэтэл энэ
өдөр тэнгэр хүртэл түүний талд байсангүй. Бүрхэг, бүүдгэр, дүнсгэр, хүйтэн,
харанхуй.
Хичээлээ
махран хийнэ. Төвлөрч өгөхгүй байлаа. Түрүүний болсон явдал, сэтгэл өвтгөм тэдгээр үгс, бусдын шохоорхон
харж буй дүр зураг гээд л. Гэнэт утас дуугарав. Хартал ээж нь залгаж байна.
Л: Байна уу?
Ээж: байна байна. Миний охин хэзээ ирэх гэж байна? Хоол болчихсон шүү.
Л: Сургууль дээр. Жаахан байж байгаад очъё.
Ээж: Юун байж байгаад вэ? 9 өнгөрч байна. Хурдан ирээ.
Л: /хөөх 9 цаг болчихсон хэрэг үү гэж дотроо бодоод/ За гээд утсаа таслав.
Ийнхүү болсон болоогүй хичээлээ хийн суусаар гадаа
тас харанхуй болжээ. Түүнийг ангиас гарахад хажуу талын ангийн шалгалтандаа бэлдэж хонох гурван хүүхдээс өөр
хүн үлдсэнгүй. Ангиасаа гарч явтал нөгөө ангийн охин угаалгын өрөөнөөс гарч яваа харагдлаа. Сайн уу? Юу байна даа? Одоо л харьж байгаа юм уу? гээд асуултаар булж гарав. Юу гэж хариулсанаа ч Лили санахгүй биз.
Гэр лүүгээ алхана. Утас цүнхэнд нь дуугарна. Залхуурсандаа ч юм уу дургүйлхсэндээ ч тэр үү утсаа авъя ч гэж бодолгүй алхална. Гэхдээ энэ удаад тайван аажуу, юунд ч яаралгүй алхаж байна. Ойрд ингэж тайван уужуу аажуу, бодолхийлж алхаагүй юм байна. Дандаа яарч сандарч явдагсан. Хажуугаар зөрж өнгөрөх хүмүүс түүний утасны дуугарах дуунд гайхан эргэж харцгаана. Гэнэт утсаа авахаар цүнхээ уудлав. Ээж нь санаа зовоод залгаж байгаа байх гэж бодсон ч байж магад. Хартал тэр хүн. Тэр хүн гэж хэн бэ гэж үү? Тэр нэг өвлийн өдөр түүнтэй анх танилцсан. Нүдэнд дулаахан, ухаалаг, боловсролтой бас маш сайхан нүдээрээ инээмсэглэдэг залууг анх хараад Лили өөрийн эрхгүй ичингүйрч билээ. Цээжний цаана бяцхан зүрх түг түг цохилдогийг, тархи бодолд нэгэн хүн үргэлж эргэлдэж болдогийг тэр хүн мэдрүүлсэн юм. Үүнээс хойш тэр хоёр байнга л уулзах болсон. Хамтдаа мөрөөдлөө ярилцаж, хамтдаа ирээдүйгээ төсөөлөн бодож, үргэлж хамтдаа байдаг байсан. Тэр хүн бороо ороход шүхэр болж, даарахад цамц болж, уйдахад баяр баясал авчирч түүний амьдралыг өөрчилсөн. Гэвч гэнэн тэнэгээсээ болж Лили түүнийг орхисон. Лили түүнээс илүү хүнг мөрөөдөөгүй, түүнээс дутуу хүнийг ч мөрөөдөөгүй гэсэн мөртлөө яагаад юм бүү мэд зүгээр л түүнийг нэ өдөр үлдээгээд явчихсан. Үргэлж миний дэргэд байж байна гэж итгэсэн ч байж магадгүй. Эсвэл бүр түүнээс залхсан ч байж магадгүй. Үүний хариуг зөвхөн тэр л мэдэх байх.
Тэр хүн одоо залгаж байна. Одоог хүртэл залгасаар байна гэж хэлвэл зөв байх.
Л: Байна уу?
Тэр хүн: .............
Л: ...........
Тэр хүн: .............
Л: ................
Тэр хүн: .............
Юу ярьсныг бүү мэд. Гэхдээ тэр хүн Лилиг аз жаргалтай болгож, түр ч гэсэн зовлонг нь мартуулсан юм. Ингээд л гэртээ ороход буузны үнэр хамар сэнхийв. Сүүтэй цай, халуун хоол, дулаахан гэр хамгийн чухал нь хайртай гэр бүл нь Лилиг хүлээж байв. Тиймээ хэцүү зүйл тохиолдсон ч түүнийг тосоод авах, юу ч болсон түүний талд байх хамгийн эрхэм хүмүүсийг тэр анзаараагүй явж. Яг жилийн өмнө, яг жилийн өмнө тэр сонголт, тэр өдөр энэ бүхний шалтгаан гэж үү? Тэр бодсоор л байлаа. Гэхдээ үгүй байгаасай гэж бодсон юм. Эргэцүүлэн бодоход хожимдсон ч ухаарахад хожимдоогүй байлаа. Ээ бурхан минь бүх зүйлийг ухраамаар байна. Цээжний хэнхдэгт байрлах бяцхан зүрхээ сугалж гаргаад бэлэглэж чадахуйц сэтгэлийг Лили хэн нэгэнд зориулсан байж. Гэтэл хэн нэгэн түүнд сэтгэлтэй байсан болов уу? хэлж мэдэхгүй юм. Хүн өөрт байгаа зүйлийг хайхралгүй шинийг "хэн нэгэн"-г хайдаг. Гэтэл үргэлж чиний дэргэд байсаар байсан "тэр хүн" л чин үнэнч, үүрдийн хайр нь байсан байж. Дурлал минь ийм сохор байж уу? Эсвэл би сохор байж уу? Цаг хугацаа чи хамгийн шударга шүүгч юм. Бурханд итгэдэггүй би зөвхөн цаг хугацаанд л итгэдэг. Та биднийг айлгадаг, сандаргадаг, худлыг илчилдэг, үнэнийг харуулдаг та хамгийн хүчтэй юм. Ийнхүү бодолхийлэн байснаа ядарсандаа ч тэр юмуу гэрийнхээ халуун уур амьсгал, хайранд бүүвэйлэгдэн унтлаа.
Би
угаасаа цагийн менежментгүй хүн. Арай л гэж ажил хичээл хоёроо зохицуулж, амжуулдаг.
Хэцүү байсан ч хэнд ч гомдол ярилгүй дуугүй л явдаг. Угаасаа ч энэ миний
амьдралын алтан дүрэм. Миний л амьдрал, миний л асуудал, миний зовлон тиймээс
би бусдад наалдуулж тохохыг хүсдэггүй. Шазуур зуугаад л сайхан байгаа юм шиг
явдаг. Гэвч уйлчихаж ч чадалгүй, ярьж ч чадалгүй тэсч явсаар цээжинд минь бөөн
хар юм тээглэчихэж. Хамгийн өрөвдөлтэй нь би уйлж чадахаа ч байчихаж. Лили яг л ингэж бодож байлаа.
Бусдад сайхан харагдах гэж эсвэл нэг л төгс дүрийг бүтээх гэсээр яваад ийм л болчихсоноо мэдлээ. Яг жилийн өмнө яг жилийн өмнө тэр ийм байсан болов уу? Толгой нь янгинан өвдөнө, зүрх нь хатгуулан өвдөнө. Өнгөрсөнд болсон бүх зүйлээ бодон, алдаа оноогоо дэнслэн шаналан сууна. "Хэн нэгэн" энэ л бүхний шалтгаан байсан биз. Аз жаргал, гуниг гутрал, амжилт, инээд баясал гээд бүхий л зүйлийн шалтгаан байжээ. Одоо л ухаарсан тэнэгхэн охины алаг бор нүднээс сувдан нулимс бөмбөрнө. Өчигдөрхөн л бороонд дургүйцэж байсан тэрбээр бороо ороосой хэмээн хүснэ. Бороонд түүний уйлж байгааг хэн ч харж чадахгүй гэж бодсоных л байх. Гэхдээ одоо чамд дүр эсгэх шаардлага байхгүй. Чанга уйл, инээ, согт, залуу насаараа чим, аальгүйт, битгий дүрэмд баригд, зөвхөн өөрийнхөөрөө бай.
Утас хангинана. Аль хэдийн гэгээн өглөө болжээ. Өнөөдөр онцгой өдөр. "Хэн нэгэн" биш "тэр хүн" залгаж байна. Лили үргэлж хэн нэгнийг залгаасай гэж хүлээдэг байсан бол энэ удаад тэгээгүй харин тэр хүнг л хүлээсэн. Үнэхээр ч аз нь гийв үү гэмээр яг түүний хүссэнээр тэр хүн залгаж байлаа. Ийн бодох зуур утас нь дуугарахаа болив. Эргээд залгав.
Тэр хүн: байна уу?
Л: байна, яасан?
Тэр хүн: .......
Л: .........
Тэр хүн: .......
Л: .........
Тэр хүн: .......
Л: .........
Ингээд хар бямба гараг өндөрлөж, аз жаргалтай бямба гараг тэдний болзоогоор эхэлж байна.

.jpg)
No comments:
Post a Comment